. 2009-01-03 - ХУТАГТЫН ШҮНШИГТЭЙ НУТАГТ БУРХАН АМИЛАХ ЦАГААР
Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн лүндэнгээр 1840-өөд оны үед бүтээсэн Ловончимбо бурхан сууринаасаа алдагдаад 32 жилийн дараа нутагтаа заларлаа. "Түмэн мэсний бурхан" хэмээх энэ их шүтээн Монгол банкны эрдэнэсийн сан хөмрөгт 25 сая төгрөгөөр үнэлэгдэн хадгалагдаж байсан нь олджээ. Хутагтын сахиустай үе үеийн тахилч нар нуун хадгалж байгаад 1972 онд хулгайд алдсан уг шүтээнийг "ямар ч аргаар хамаагүй нутагт нь эргүүлэн залах" хатуу үүрэг даалгаврыг нутгийнхнаасаа авсан УИХ-ын гишүүн Ц.Шаравдорж хэдэн жил хөөцөлдсөний эцэст даалгавраа нэр төртэй биелүүлж сар гаруйн өмнө Дорноговь дахь Равжаагийн музейд бурханыг хүлээлгэн өгсөн билээ. Нэгэн цагт Монголын шашин соёлын төв байсан, хутагтын байгуулсан Хамрын хийдэд бурханыг залж шүншиглэх, аравнайлах ёслол өнгөрөгч сарын 29-нд болсон юм. Шүншиглэх гэдэг нь хамгийн энгийн ойлголтоор бурханы эд эрхтэнийг бүрэн бүтэн болгож байгаа хэрэг бөгөөд аравнайлах гэдэг нь зүрхийг нь цохилуулж, өөрөөр хэлбэл амилуулж байгаа нь тэр ажээ. Шүтээний аравнай бүхий суурь Равжаагийн музейн захирал З.Алтангэрэлд хадгалагдаж байсан нь бурханыг анх олж илрүүлэн магадлахад ихээхэн тус болсон гэдэг. Түмэн мэсний бурханыг ингэж бүрэн бүтэн болгож дахин залах нь элдэв хэрэг зөрчил ихэссэн өнөө үед туйлын чухал үйл юм гэдгийг Хамрын хийдийн ловон лам Ц.Даш онцолж байв. Энэ бурхан анх бүтээгдсэн түүх нь нэн сонирхолтой аж. Хутагт Равжаагийн амьд сэрүүн ахуйд хошуу нутгийнх нь хоёр залуу муудалцан ирт мэсээр нэгийгээ бүрэлгэжээ. Ноён хутагтын сонорт энэ муу мэдээ хүрэхэд тэрээр хошууныхаа бүх хутга мэсийг хураан цуглуулах лүндэн буулгасан байна. Зарлиг ёсоор болж хураагдсан ирт мэсийг тоолоход яг нэг түмэн ширхэг болжээ. Тэгээд хутагт Долнуураас уран дархан урьж Говь мэргэн вангийн хошууны бүх урчуудыг цуглуулан өнөөх түмэн мэсийг хайлуулан Ловончимбо бурхныг бүтээн өөрөө аравнайлсан гэдэг. Ловончимбо бурхан нь улааны шашныг үндэслэгч Ловонбадамсамбуу гэдэг бодит хүний дүр юм байна. Эмэгтэй хүнийг дээдлэн тахиж, ертөнцийн бүх зүйл бүсгүй хүний хэвлийд бүрэлдэн тогтдог хэмээх үзлээрээ улааны шашин нь бусад шашнаас ялгаатай. Говийн ноён хутагт Данзанравжаа өөрөө улааны шашныг шүтдэг хүн байсан бөгөөд эдүгээ Хамрын хийдэд шарын, улааны хоёр сүм нэг довон дээр зэрэгцэн оршиж тус тусдаа буян номоо хурж байгаа нь дэлхийд байдаггүй сонин зүйлийн нэг юм. Ер нь Равжаа хутагтын талаарх нүд бүлтийж чих дэлдиймээр үүх түүх олон байдаг. Говийн ноён хутагт номын чадал хүчийг төгс эзэмшсэний дээр төрөлхийн гоц авъяастай нэгэн байсан бөгөөд харш тэрс бүхнийг оюуны чадлаараа нэгтгэн зангидаж хүний ухаан санаанд багтамгүй олон зүйлийг үйлдэж байсныг нутгийнхан нь гэрчилдэг. Хутагтын нутаг нь монголд байтугай дэлхийд гайхагдах соронзон орны төв цэг бөгөөд энэ ариун дагшин газар нутаг алсдаа хүн төрөлхтөний оюуны ариусалын төв болох юм хэмээн сүсэгтнүүд хөөрөлдөх нь тухайн нутагт саатсан хэнд ч болов үлгэр домгийн гэхээсээ илүү үнэн бодитой санагддаг нь сонин. Юутай ч дагшин нутгийн түмний сэтгэл оюун шингэсэн, хүсэн хүлээсэн бурханыг залах хүндтэй ёслолд оролцсон нь миний хувьд ихээхэн хувьтай хэрэг болсон гэдгийг энд тэмдэглэхэд таатай байна. Мөн говийн хүний сэтгэлийн нүнжгийг ойроос мэдэрч хүн чанарын дулаан мэдрэмжинд автахын зэрэгцээ эрхэм гишүүн Ц.Шаравдоржийг хүндэтгэх сэтгэл эрхгүй төрж байсныг энд зориуд дурдах нь зүйтэй болов уу. Сонгуулийн цагаан шуурга эргэн тойронд маналзаж байгаа энэ үед УИХ-д нэр дэвшсэн хэн ч атугай түмэн олон цугласан газарт өөрийгөө ил далд ямар нэг аргаар рекламдаад авах нь хэнд ч жирийн үзэгдэл санагдах атал Ц.Шаравдорж гишүүн энэ амьд шүтээнийг байх ёстой байранд нь залчихаад хурсан олонд хандан ганц ч үг унагалгүй номын мэргэдээс адис жанлав хүртчихээд нутгийн хөгшдийн амар мэндийг эрэн түр зуур саатаад эгэлхэн мордсон нь хурсан олны сэтгэлд хэлж боломгүй таатай нэгэн мэдрэмжийг үлдээх шиг болсон. Сэтгүүлчдийн зан л болсон хойно, дараа нь эрхэм гишүүнтэй тааралдах үедээ энэ талаар үг өдөхөд тэрээр "Би хийх ёстой юмаа л хийсэн" гээд инээж байна лээ. Тэр өөрийг өгүүлээгүй. Хутагтынхаа билгүүн алдарт бөхийдөг бичигдээгүй хууль энэ нутагт төрсөн хэнбугайд ч адил үйлчилдэг нь энэхэн зуурт бас л анзаардагдаад авсан. Юутай ч эрхэм гишүүн нутгийн хүүгийн хувиар хийх ёстойгоо хийжээ. Энэ хийх ёстойн цаана хэлж яривал мундахгүй саад бэрхшээл байсан байж таарна. Гэвч тэрээр үүнийгээ дурдах дургүй байна билээ. Ямар ч атугай их шүтээн ийнхүү нутагтаа заларлаа. Энэ нь ноён хутагтын нутгийнхны хүсэн хүлээж байсан зүйлийн нэг байсан юм. Түмэн мэсний бурхан нутагтаа байх цагт түмнийг цочоосон хэрэг төвөг дуулдаггүй байсан гэж ярьцгаадаг юм билээ. Бас нэг сонин нь бурхан аймгийн музейд ирсэн өнгөрөгч нэг сар гаруйн хугацаанд гэмт хэргийн хар данс илт нимгэрснийг цагдаагийн ажилтны амнаас сонссон. Говийнхон ер нь их шүтлэг бишрэлтэй, нутаг усныхаа бахархлыг чин сэтгэлээсээ нандигнан хайрладаг нь уулзсан бүхний ярианаас илт мэдрэгдэж байлаа. Сүсэг бишрэл хүртэл өнгөцхөн болсон энэ үед ийм чин сүжигт хүмүүстэй уулзахад ер бусын соньхон бодрол мэдрэмжүүд төрөхийн зэрэгцээ найман настай балчраас наян настай буурал нь хүртэл Говийн ноён хутагтуудын тухай амьд түүхийг ам өрсөн ярихыг хараад гайхаж бишрэхгүй байхын аргагүй. Бурхан залах өдрийн өглөө нь эртлэн босож Равжаагийн музейд очиход хутагтын тахилчдын удмын хүн гэгдэх, нутгийн түмнийхээ дунд дээгүүр суудалд залардаг З.Алтангэрэл бурханаа шүншиглэж дуусан “их ажлын ард” хөлсөө арчиж суухтай тааралдаж зуурхан хөөрөлдөхөд мөн л сэтгэлийн дулаан ханхийж өдрийн ажил өөрийн мэдэлгүй өөдрөгөөр эхэлсэн. Тэрээр, бурхан маань мөнхийн суудалдаа заларч байгаа нь амар амгалангийн улирал цэлмэх сайн цагийн эх гээд их л сэтгэл хангалуун байна лээ. Ингэж байтал Шаравдорж гишүүн хүндэтгэлийн дээл хувцасаа өмсчихсөн ёсорхог гэгч нь орж ирлээ. Монголын язгууртан ихэс, төрийн түшээ нар отго жинсээ асаан төр түмний их хэргийн төлөө түвшин алхалсаар өргөөнийхөө үүдээр орж ирдгийг “хуучны” кинонуудаас олонтаа харж байсан ч төрийн хүний сүрдэм төрхөнд ингэж автсан нь миний хувьд бас л нэг цоо шинэ мэдрэмж байв. Хачин соньхон бодолд автан музейн үүдэнд зогсож байтал дух магнайд нь насны гүн үрчлээ тогтсон жижигхэн бөгтөр эмгэн таягаа точигнуулсаар амьхандаа яаруу ирж, “Миний хүү ээ, хийд рүү явах унаа хүлэг юу байна вэ? Эмээ нь очилгүй горьгүй хүн байгаа юм гээд л учирлаж гарах нь тэр. Тэгтэл ч нутгийн улс эмээгийн чихэнд чимэгтэй үг хэлж тэр дор нь тайтгаруулаад авна билээ. Эмээ хэргээ амархан бүтээчихсэндээ их л додигор байдалтай төвөөс ирсэн улсын машин тэргийг сонирхон тэрээ, энээ гэсээр цааш явсан. Харин өдөр нь Хамрын хийдэд дахиад л өнөөх эмээтэйгээ тааралдаж энэ удаа хийдийн гаднах чулуун тавцан дээр нарлан элдвийг ярилцсан юм. Эмээгийн хүү Буянтогтох нь энэ хийдийн хувраг бөгөөд тэднийх хийдийг тойрон амьдарсаар нэлээд хэдэн жилийн нүүр үзэж байгаа гэх. Өвөг эцэг Гончиг нь цөвүүн цагийн нүүрэнд баривчлагдаж одоод сураггүй болсныг нь хоёр жилийн өмнө улс цагаатгаж эмээд хэдэн бор төгрөг атгуулсан, тэрийг нь эргэж ирээгүй өвгийнхөө хойдоход зориулж Хамрын хийдийн лам нараар буян ном хуруулсан гэнэ. Яриа хөөрөөтэй, уулгалж хангинасан Цэрэндэжид эмээ ам ангайх тоолондоо л нутгийн буянтай үрс гэж хайрлах бишрэхийн хооронд дуу алдах аж. “-Чавганц нь аймгийн төвд хэд хоног эмчлүүлж байгаад ирж байгаа нь энэ. Хэд хоноод бас төв бараадна аа. Үгүй энэ сонгуульд очиж ядахнаа энэ Шарав /Ц.Шаравдорж гишүүнийг хэлэв/ хүүдээ ганц санал ч болохноо нэмэрлэлгүй яахав. Сайн сайхан яваа нутгийн хүүхдүүдийг харахаар ай мөн сайхан юмаа” гээд л учиргүй хөөрөлхөн ярихыг нь хараад л баймаар. Тэгснээ гэнэт залагдаж ирсэн бурханаа ярин алгаа хавсарна. Ахиад л нөгөө Шарав хүүгээ магтаж гарна. Буянтай сайхан хүү шүү гээд л өмчилчихнө. Зуугийн ихэнхийг насалчихсан энэ бууралд энэ өдөр сэтгэл дутуу юм үлдсэнгүй ээ. Ай мөн сайхаан… гээд л хөөрөлхөөд байх. Дараа нь мөн нутгаас УИХ-д сонгогдсон Л.Одончимэд гишүүн хийдийн архан талд хутагтын Бүтээлийн цагаан сүмийн шавыг нутгийн олны хамт суурилан тавих үед хөгшин хоёр гишүүний дэргэд таягаа тухтай нь аргагүй тулчихсан хүүхэд шиг баярлан хөөрөлдөж зогсоно лээ. “Буянтай хүүхдүүд” нь хөгшнийг цаашлуулж байгаа бололтой бас л наргиантайхан инээлдэх нь сонстсон. Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн байгуулсан, нэгэн үед Монголын соёлын нэгдсэн төв болж байсан Бүтээлийн цагаан сүмийг хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд буулгаж нураажээ. Энэ сүмийг дахин сэргээх ажлыг Дорноговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Одончимэд санаачилж зураг төслийг нь хийлгэсэн байна. 140-өөд сая төгрөгийн хөрөнгөөр баригдах эл сүм ирэх оны эхээр ашиглалтад орох аж. Бөмбөгөр оройтой гантиг чулуун энэ сүмд Равжаа судлалын төв үйл ажиллагаагаа явуулах бөгөөд Хутагтын нэрэмжит номын сан, уншлагын танхимыг нээх юм байна. Ноён хутагт Данзанравжаагийн Бүтээлийн цагаан сүмд Монголын их эрдэмтэд ном хаялцан эрдмийн зэрэг цол хамгаалдаг байсан хийгээд сорилыг давсан эрдэмтдэд хутагт одоогийнхоор мэргэжлийн үнэмлэх болох пайзыг олгож тухайн хүн өөрийн эрдмээ бусдад зааж сургах, түгээн дэлгэрүүлэх эрхтэй болдог байсан гэнэ. Хүн чанарын сэрүүн улирал дохиолсон энэ цагт дулаан мэдрэмж төрүүлсэн дагшин нутаг, даруухан хүмүүстэй ганзага нийлж зуурхан ч гэлээ таатай сайхан аялснаа цухасхан өгүүлвээс ийм байна.
/2005 он/ anduusanaa.blogspot.com
|
Сэтгэгдэл бичих ::
Найздаа илгээх ::
|
Сэтгэгдлүүд
|
|
|
|
. 2012-12-25 -